Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл ₮10.7 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсөв www.bloombergtv.mn
Үнэт цаасны үлдэгдэл 11 дүгээр сарын эцсээс 17 хувиар өсжээ
Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 10.7 их наяд төгрөг болж, 11 дүгээр сарын эцсээс 10 гаруй хувиар, өмнөх оны мөн үеэс 21 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь 2024 он гарснаас хойш хамгийн өндөр дүн боллоо. Үнэт цаасны дийлэнх нь богино хугацаатай буюу дөрвөн долоо хоногийн хугацаатай байна. Харин 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл буурсаар долоодугаар сарын нэгнээс хойш үлдэгдэлгүй байгаа аж.
2024 онд Монголбанк бодлогын хүүг гурван удаа тус бүр нэг нэгж хувиар бууруулж, 12 дугаар сарын 13-нд 10 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Хэдий тийм боловч арилжааны банкнуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тус бүр нэг нэгж хувь буюу 11 болон 16 хувь болгоод байна.
Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсэн хэвээр байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл бий болох магадлалтай гэж үзээд бодлогын хүүг өөрчлөлтгүй үлдээсэн гэж Монголбанкны Ерөнхийлөгч дурдаж байв.
Нийтэлсэн огноо2024-12-24