ЭХЯ: ДЦС-3-ыг 300 мВт-аар өргөтгөх төслийн өртөг 1.3 тэрбум евро байна www.bloombergtv.mn
Станцын өргөтгөлийн төсөл нь хоёр үе шаттай байх бөгөөд эхний ээлжид 50 мегаваттын дулааны цахилгаан станц барихаар төлөвлөжээ
Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслийн өртөг 1.3 тэрбум еврогийн дүнтэй байхаас 85 хувийг нь ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэх саналыг ОХУ-ын талаас ирүүлсэн байна.
Харин Монголын тал 814 сая ам.доллароос хэтрүүлэхгүй байх саналтай байгааг Эрчим хүчний сайд мэдээллээ.
Станцын өргөтгөлийн төсөл нь хоёр үе шаттай байх бөгөөд эхний ээлжид 50 мегаваттын дулааны цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Үүний дараа ашиглалтын хугацаа нь дууссан 48 мегаваттын станцын суурин дээр 250 мегаваттын станц шинээр барих төлөвлөгөөтэй байна.
ОХУ-ын талаас санал болгосны дагуу зураг төсийг “Интер Рао Экспорт” компаниар хийлгүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд “Интер Рао Экспорт” компани төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 онд хүлээлгэн өгсөн байна.
Төслийн зураг төсөл боловсруулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа юм. Зураг төсөл бэлэн болсны дараа санхүүжилтийг эцэслэн тохирохоор байгааг Эрчим хүчний яам мэдээллээ.
Нийтэлсэн огноо2024-12-25