"Orano Mining"-тай байгуулах гэрээ, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв www.bloombergtv.mn
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлагдснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая тонн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна
Засгийн газар төлөвлөснийхөө дагуу стратегийн өндөр ач холбогдолтой төслүүдийн гэрээ хэлэлцээртэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
“Orano Mining” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Төрийн эзэмшлийн хувь хэмжээг давуу эрхийн хувьцаа, АМНАТ-өөр орлуулах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулахаар тохиролцож, эхний ээлжид хөрөнгө оруулагч талаас 500 сая ам.долларын санхүүжилт хийнэ.
Тусгай АМНАТ-ийг тус бүр таван хувь, өсөн нэмэгдэхийг нь зах зээлийн үнээс хамаарч 0-9 хувь байхаар заажээ. Энэ хүрээнд Монголын талын хүртэх өгөөж доод тал нь 15 хувь байна гэж тооцоолж байгаа юм.
Төслийн үр өгөөжид байгаль орчин бохирдуулсан, ус ашигласны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тооцохгүй бөгөөд гурван жил тутамд байгаль орчны аудит хийлгэхээр гэрээнд тусгасан байна.
Үүнээс гадна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг БНХАУ-тай байгуулахад баримтлах чиглэл батлах тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. Хил холболтын төсөл хэрэгжсэнээр Монголын нүүрсний экспорт жилд 30-50 сая тонноор нэмэгдэж, тээврийн зардал хоёр дахин буурах давуу талтайг тооцоолоод байгаа юм.
Нийтэлсэн огноо2024-12-26