Аяллын компаниудын эрэлт ихэсч, монголчууд дулаан орон руу "дүрвэж" байна www.news.mn
Сүүлийн жилүүдэд шинэ оноо дулаан оронд угтах хүсэлтэй иргэдийн тоо олширсон. Зуны улиралд гадаадын жуулчид Монголд ихээр ирдэг бол өвлийн улиралд дотоодоос гадагшаа чиглэсэн аяллын тоо нэмэгддэг.
Тухайлбал, Тайланд, Вьетнам, Сингапур зэрэг орон руу иргэд хамгийн ихээр зорчиж байна. Тайланд, Вьетнам зэрэг улсыг залуус голдуу сонгодог бөгөөд өртөг зардлын хувьд бусад оронтой харьцуулахад хямд байна.
Вьетнамын Фукуок аралд зочид буудал нэг өдрийн 170 мянган төгрөг, долоо хоногийн 1.1 сая төгрөгийн үнэтэй. Хоол хүнсэнд ойролцоогоор долоо хоногт 300 мянган төгрөг зарцуулдаг аж. Харин шинэ жилийн уур амьсгалыг илүүтэй мэдрүүлэх Москва чиглэлийн зургаан өдрийн аялал дунджаар том хүн 3.3 сая төгрөг, хүүхэд 3.1 сая төгрөгийн үнэтэй байна. Хэрэв москвад шинэ оноо гаргахаар төлөвлөсөн бол, тэр тусмаа өөрсдөө аяллаа зохион байгуулахаар шийдвэл нэг сарын өмнө онгоцны билетээ бичүүлэх, очоод байрлах зочид буудлаа ч давхар захиалах нь тэр хэрээр хэмнэлт авчирна.
Аяллын компаниудын 2024 оны бүртгэл эрэлттэй байгаа бөгөөд ирэх оны аялалдаа хэдийн захиалга авч эхэлжээ. Иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө аяллын захиалга өгөх, аль улс руу аялахаа урьдчилан сонгосон байх, хаана юу үзэх, ямар хоол идэх, зочид буудал нь хэдэн одтой байхаа хүртэл тодруулах хэрэгтэйг компаниуд зөвлөж байна.
Төв банкны хийсэн судалгаагаар, манай улсын аялагчдын 10 гаруй хувь нь компаниар, үлдсэн нь өөрөө аяллаа зохион байгуулдаг аж. Манай улсын иргэд гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 81 хувийг бэлэн мөнгөөр хийдэг байна. Азийн орнуудад аялах нь Европын орнуудтай харьцуулахад хамаагүй хямд бөгөөд валютын ханшийн алдагдал ч тэр хэрээр бага. Ам.доллар, еврогийн төгрөгтэй харьцах ханш өсөх тусам Европ, Америкт хийх аяллын зардал нэмэгддэг.
Хүүхдүүдтэйгээ яваа хүмүүсийн хувьд аяллын компани сонгон үйлчлүүлэх нь элбэг.
Харин хосууд компанид хандаж, бэлэн хөтөлбөр авахаас илүү өөрсдөө хаана, юу үзэх, хэрхэн бага зардлаар аялахаа нарийн тооцдог болжээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2024 он гарсаар 1.2 сая иргэн гадаад улс руу зорчжээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 389 мянган хүн буюу 46.7 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг улсаар нь авч үзвэл өмнөх оны мөн үеийнхээс:
Хятад 332600 буюу 60.6 хувь
Орос 38300 буюу 35.1 хувь
Вьетнам 3100 буюу 28.2 хувь
Солонгос 14000 буюу 19.6 хувиар тус тус өссөн байна.
Гадаад руу зорчсон Монгол Улсын иргэдийн 63.8 хувь нь эрэгтэй бол 36.2 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Түүнчлэн 84 мянган хүүхэд гадаад улс руу зорчсон гэсэн статистик гарчээ.
Нийтэлсэн огноо2024-12-26