2024 онд “Топ 5” банкны ногдол ашгийн өгөөж 6-12 орчим хувийн түвшинд байв www.bloombergtv.mn
2024 онд системийн нөлөө бүхий банкнууд 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жилийн хугацаанд 44 хувийн өсөлт үзүүлсэн ч 2023 оны 49.9 хувийн өсөлтөөс бага байна
2024 онд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Топ 5” банкны ногдол ашгийн өгөөж 6-12 орчим хувийн түвшинд байсан байна. Системийн нөлөө бүхий таван банк нийт 559.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилжээ.
Энэ нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын өнгөрсөн онд олгосон 982.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийн 56.9 хувийг бүрдүүлсэн байна. Харин энэ жилийн ногдол ашгийн шийдвэрээ танилцуулахад компаниудад гурван долоо хоногийн хугацаа үлдээд байгаа юм.
Хэдийгээр 2024 онд системийн нөлөө бүхий банкнууд 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жилийн хугацаанд 44 хувийн өсөлт үзүүлсэн ч 2023 оны 49.9 хувийн өсөлтөөс багассан харагдаж байна.
Түүнчлэн өнгөрсөн онд бодлогын хүү буурсантай холбоотойгоор банкнуудын зээлийн хүү буурах төсөөлөлтэй байгаа юм. Энэ нь 2025 оны эцсийн ашигт ажиллагаанд нөлөөлж магадгүй байна.
BANK-KHANSH.JPG
Хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал 2024 онд “Топ 5” банкнаас Голомт Банк болон ХасБанкны хувьцааны ханшийн өсөлт “Топ-20” индексийн 23.8 хувийн өсөлтөөс давсан байна. Тухайлбал: тайлант хугацаанд Голомт Банкны хувьцааны ханш 37 хувиар өсөж, оны нийт өгөөж нь 46.9 хувьтай гарснаар банкнууд дундаа хувьцааны үр дүнгээрээ тэргүүллээ.
Нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Голомт Банкны нэгж хувьцааны ханш 1288 төгрөгөөр арилжаалагдаж байгаа ба зах зээлийн үнэлгээ нь 1.04 их наяд төгрөг болоод байна. Өөрөөр хэлбэл хувьцаагаа олон нийтэд анх санал болгож байх үеийн түвшинтэйгээ тэнцээд байгаа юм.
Нийтэлсэн огноо2025-02-02