32 мянган зуухны тендерийг цуцалсан ч 23 мянган айлыг дулаална www.news.mn
Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын 32 мянган өрхөд зуух тараахаар болж, 28 тэрбум төгрөгөөр зуух худалдаж авах тендер зарласан талаар өнгөрсөн сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тус тендерийг утааны сонсголд бэлтгэх урьдчилсан хэлэлцүүлгээр олон нийтийн зүгээс эсэргүүцэж, зуух тараах нь бодит шийдэл биш гэдгийг хатуу шүүмжилсэн тул Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас тендерт шалгарсан компанид мэдэгдэл хүргүүлжээ.
Иргэдийн зүгээс зуух тараах тендер цуцалсан нь зөв гэдгийг цахим хуудаст илэрхийлж байна. Гэхдээ агаарын бохирдлын асуудлаарх гурав ;ахь удаагийн сонсголоор өөр нэг зүйл гарч ирсэн нь гэр хорооллын 23 мянган айлыг дулаалах ажлыг удахгүй эхлүүлнэ гэсэн.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ, энэ онд багтаж 23 мянган айлыг хийн түлшинд холбохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд тэдгээр айлуудад дулаалга хийнэ. Гэхдээ энэ дулаалгад нийслэлээс мөнгө төсөвлөөгүй. Олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтарч дулаалгыг хийнэ. Сонгогдсон айлуудад дулаалга хийсний дараагаар газан түлшинд холбох холболтуудыг хийнэ гэсэн юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг гаргаж байгаа. Цаашид айл өрхүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг төлөвлөсөн гэдгийг нэгдүгээр сарын 29-нд болсон “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон.
Нийтэлсэн огноо2025-01-31