“ХААН банк” ХК татан төвлөрүүлсэн нийт хөрөнгөнийхөө 34 хувийг ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зарцуулжээ www.bloombergtv.mn
"ХААН Банк" ХК 2023 оны IV сарын 13-19-ний өдрүүдэд олон нийтэд 959 төгрөгийн нэгж үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгох замаар нийт 183,379,788,200.00 төгрөг татан төвлөрүүлжээ
“ХААН банк” ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн 183.3 тэрбум төгрөгөө 2024 онд 100 хувь зарцуулж дууссанаа тайлагналаа. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 34 хувь буюу 62.4 тэрбум төгрөгийг ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Мөн 31 хувийг орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилтэд, 19 хувийг цахим бүтээгдэхүүн хөгжүүлэлт, 16 хувийг нь мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад зарцуулжээ.
Энэ хүрээнд тус компани технологийн хүчин чадал, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ сайжруулснаас гадна дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй барилга, гэр хороолол, зуслангийн бүсэд амьдарч буй иргэдийг амьдрах орчноо сайжруулахад чиглэсэн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна.
2024 оны IV улирлын байдлаар “ХААН банк” ХК -ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсөж, 638.5 тэрбум төгрөг хүрснийг "БиДиСек ҮЦК" ХК мэдээлсэн юм.
Нийтэлсэн огноо2025-01-31