Автобусанд 1000 төгрөг төлөх шийдвэр маргаашаас хэрэгжинэ www.eagle.mn
НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Улмаар нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих байв. Гэвч программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилсон юм. Тэгвэл хоёрдугаар сарын 1-нээс буюу энэ бямба гарагаас тус шийдвэр хэрэгжиж, иргэд нийтийн тээврээс 1000 төгрөгөөр зорчихоор болжээ.
Үүнд Чингис хаан олон улсын нисэх буудал руу явдаг X:19, X:20 чиглэл хамаарахгүй юм байна. Харин хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм. Чиглэлийн тарифыг 1 удаа төлж зорчсоноор 3 удаа дамжин суух боломжтой бөгөөд автобуснаас буух бүрдээ төхөөрөмжид Umoney картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдэлнэ гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Учир нь Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна.
Нийтэлсэн огноо2025-01-31