Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын үеэр төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурна www.eagle.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хоёрдугаар сарын 13-15-нд Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулна. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь гарын үсэг зурна.
Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээртэй холбоотой асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороогоор орж, Засгийн газарт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг хуулийн дагуу олгосон.
Нэгдүгээрт, Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсэг хоорондын протоколд гарын үсэг зурна.
Хоёрдугаарт нь, хоёр улсын төрийн өмчийн компани хооронд "гурвыг цогцоор нь" буюу хамтдаа зурах гурван гэрээ бий. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг зэрэг явагдана. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулагдаж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй" гэлээ.
Нийтэлсэн огноо2025-02-05