“Asian Battery Metals” компани “Ямбат" төслийнхөө өрөмдлөг хийх байршлуудыг тодорхойлов www.bloombergtv.mn
“Asian Battery Metals”-ийн гуравдугаар шатны хайгуулын хөтөлбөр IV сард эхлэх товтой байна
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian Battery Metals” компани Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь никель, зэс, цагаан алт зэрэг чухал ашигт малтмалын "Ямбат" төслийнхөө өрөмдлөг хийх гол гурван байршлыг тодорхойлсноо мэдээллээ. Өнгөрсөн онд "Ямбат" төслийн талбайгаас 3.6 метрийн өндөртэй сульфидаар баялаг бүсийг илрүүлснээ мөн мэдээлж байсан юм.
Тус компанийн гуравдугаар шатны хайгуулын хөтөлбөр ирэх дөрөвдүгээр сард эхлэх товтой байна. Энэ хүрээнд “Asian Battery Metals” компани 1500 метрийн алмазан өрөмдлөг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм.
Тус компани 2024 оны IV улирлын үйл ажиллагааны тайландаа зэс, никелийн өндөр агуулга бүхий гурван том эрдэсжилт илрүүлснээ онцолж байсан юм.
“Asian Battery Metals” компани 100 хувь эзэмшдэг энэхүү төслийнхөө хүрээнд нийт 19 цооног өрөмдөж, 250 метрийн гүнд алмаазан өрөмдлөг хийгээд байгаа аж.
Зэс-никелийн сульфидын хүдэржилт нь Монголын баруун өмнөд хэсэгт илэрч буй шинэ төрлийн хүдэржилт болохыг тус компани онцлоод хүдэржилт бүхий хэсэгт ирээдүйн хайгуулын гол анхаарлаа хандуулахаа тодотгож байв. Мөн Азийн цэнэг хураагуурын металлын салбарын гол ордуудын нэг болох боломж, потенциал нь тэлсээр байгааг онцолж байсан юм
Нийтэлсэн огноо2025-02-20