2024 онд "Orano Mining"-ийн цэвэр ашиг 3 дахин, "Rio Tinto"-ийн зэсийн ашиг 75 хувиар өсжээ www.bloombergtv.mn
"Rio Tinto" болон "Orano Mining" компанийн өнгөрсөн жилийн үзүүлэлт, ирэх жилүүдийн төлөвлөгөөг онцолж байна
Монгол дахь гадаадын гол хөрөнгө оруулагч компаниуд болоод буй “Rio Tinto” болон “Orano Mining” 2024 оны тайлан болон ирэх жилүүдийн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Төмрийн хүдрийг зэс нөхөв
Түүхий эдийн гол хэрэглэгч БНХАУ-ын сул эрэлтийн улмаас жилийн ашиг нь буурсан уул уурхайн аварга компаниудын нэг нь “Rio Tinto” болж байна. Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг тус компани 2024 онд 10.9 тэрбум ам.долларын тэнцвэржүүлсэн ашигтай ажилласан нь өмнөх оноос 7.6 хувиар буурсан дүн болжээ. Мөн тус компани энэ онд нэгж хувьцаанд 2.25 ам.доллароор тооцон ногдол ашиг олгохоор болсон нь 2023 оны 2.58 ам.доллар олгож байснаас бууруулжээ.
“Rio Tinto”-ийн өрсөлдөгч “BHP” болон “Glencore” мөн адил өнгөрсөн жилийн ашиг нь буурсныг тайлагнаад байгаа юм. Хэдий тийм боловч “Rio Tinto” зэсийн бизнесийнхээ дорвитой өсөлтийн ачаар төмрийн хүдрийн үнийн уналтаас амссан хохирлыг нөхөж чадсан байна.
Зэсийн ашиг нь өмнөх оноосоо 75 хувиар өсөхөд “Оюутолгой” төслийн гүний уурхайн гарц эрчимжсэн, зэсийн агуулга сайжирсан нь нөлөөлжээ. Ялангуяа “Оюутолгой”-ийн зэсийн үйлдвэрлэлийн биет хэмжээ төлөвлөснөөс 28 хувиар давуу байсныг онцолсон байна. 2024 онд тус компани нийт 670 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оноосоо 13 хувиар өссөн дүн боллоо.
Хэдий тийм боловч “Rio Tinto”-ийн ашгийн дийлэнх хувийг төмрийн хүдэр бүрдүүлсэн хэвээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, макро эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж, гангийн гол орц болдог төмрийн хүдрийн үнийг доош татсаар буй. Улмаар 2024 онд тус компанийн төмрийн хүдрийн олборлолт хэдий хэвийн түвшинд байсан ч олсон ашиг нь 2023 оноос 19 хувиар буурчээ.
“Rio Tinto” 2025 онд зэсийн гарц нь 780-850 мянган тонны хооронд байх төсөөлөл гаргасны сацуу 2030 он гэхэд жилд нэг сая тонн зэс нийлүүлэх зорилготойгоо тайландаа онцолжээ.
Үүнээс гадна тус компани Аргентин дахь литийн “Rincon”, Гвиней дэх төмрийн хүдрийн “Simandou” зэрэг томоохон төслүүдээ эхлүүлэхээр ид ажиллаж буй.
АЦС-ын сэргэлтийн ач
Францын Төрийн өмчит “Orano Mining” компани ураны салбарын нийлүүлэлтийн хүндрэл, БНХАУ зэрэг орны цөмийн эрчим хүч үйлдвэрлэл, уран баяжуулалтын өндөр эрэлтээс даацтай ашиг хүртэж байна. Тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд бараг гурав дахин өсөхөд Японы атомын цахилгаан станцуудын ашигласан түлшийг боловсруулах гэрээний орлого нь голлон нөлөөлжээ.
“Orano Mining” нь уран олборлож, нийлүүлэхээс гадна Европ, Хойд Америк, Ази дахь атомын цахилгаан станцуудын түлшний хаягдлыг авч боловсруулаад буцаан илгээх үйлчилгээ үзүүлдэг юм.
Эрэлт, үнийн өсөлтийн таатай боломжийг ашиглан “Orano Mining” шинэ төслүүдээ эрчимжүүлж, хуучин төслөө сэргээхээр төлөвлөж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал Никола Маас онцолсон байна. “Зах зээлийн эерэг төлөв, геополитикийн зөрчлийн ачаар манай борлуулдаг бүтээгдэхүүний үнэ дорвитой өслөө. Энэ нь 2012 оноос үйл ажиллагаа нь зогссон Намиби дахь уурхайн төслөө сэргээх урам зоригийг бидэнд өгч байна” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Өнгөрсөн сард Монгол Улсын Засгийн газартай 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглээд буй “Orano Mining” компанийн хувьд энэ оны эцсээр Узбекистан дахь арай бага хэмжээтэй төсөлдөө мөн гэрээ байгуулж магадгүй байгаа аж. Африкийн Нижер улсын Төрийн эрхийг авсан цэргийн Засгийн газар өнгөрсөн онд “Orano Mining”-ийн хамтран эзэмшдэг “Somair” уурхайн удирдлагыг булаан авснаас хойш тус компани нийлүүлэлтээ төрөлжүүлэхэд онцгой анхаарч эхэлжээ.
“Orano Mining” компанийн олборлолтын нийт хүчин чадал 8200 тонн бөгөөд үүний 5000 тонныг Канад, 1200 тонныг Нижер, үлдсэнийг нь Казахстан улс бүрдүүлдэг байна.
Нийтэлсэн огноо2025-02-21